Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ГАДААД ДАХЬ МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт, Гадаад улсад монгол судлал, түүний дотор монгол хэл бичгийн судлалыг хөгжүүлж, сурталчлан таниулах, тэнд амьдарч байгаа Монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжиж ажиллахаар заасан.

Энэ хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам хамтран гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн цахим сургалтыг 2022-2025 онд 3 цувралаар зохион байгуулж, нийт 250 гаруй багшийг хамруулан сургаж, сургалтад идэвхтэй хамрагдан, амжилттай суралцаж дүүргэсэн нийт 86 багшид Батламж олголоо.

Монгол хэлийг гадаад хэл болгон зааж буй багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалтын Хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны хурлын танхимд боллоо.

Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалт-III-т нийт 150 гаруй багш хамрагдсанаас сургалтаа бүрэн дүүргэсэн нь 14 улсаас оролцсон 28 сургууль, сургалтын төвийн 42 багш байлаа. Үүнээс Монгол Улсаас оролцсон 10 багш өнөөдөр Батламжаа гардан авлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Нямхүүгийн Нарангэрэл сургалтад хамрагдсан багш нарт Батламж гардуулж, тэдэнд тулгамдаж буй асуудал болоод шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Хүрэлцэн ирсэн багш нартаа талархлаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн

Ажлын алба

Top