Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Зөвлөлийн чиг, үүрэг

1. Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

2. Үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

3. Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан, дүгнэлт гаргасан кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг хэлэлцэн батлах;

4. Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг хэлэлцэн батлах;

5. Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах;

6. Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх;

7. Төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсний дагуу хэлэлцэн батлах;

8. Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичиг рүү харилцан хөрвүүлэх, зөв бичих дүрмийн алдаа хянах программыг хэлэлцэн батлах;

9. Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

10. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнах;

11. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх;

12. Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй.  

Top