Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол хэлний манаач

       Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаагийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр eagle.mn сайтад өгсөн ярилцлага 

Тэр хэвлэлд яриа өгөх дургүй. Өмнөх ажлаа л нэр төртэй хийж, нэг ч гэсэн оюутанг монгол хэл, ахуйд дурлуулах, сурах бичгээр дамжуулан хүүхэд багачуудад яруу тунгалаг эх хэлээ хайрлах, зөв цэгцтэй сайхан ярьж сурах, монгол ахуйгаа мэдэж өсөхөд нь өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулахсан гэж хүчин зүтгэсээр нэг л мэдэхэд 50 гаруй жилийг ардаа орхижээ. Хагас зуун жилийг өртөөлж, түүхийн жим өөд өгсөхдөө Базаррагчаа гэх эрхэм хүмүүн “монгол хэлний” гэсэн зүүсгэл тодотголтой болсон байх.

“Базараа багшаас ярилцлага авна” хэмээн ойр тойрнынхондоо ярихад “Багш их ааштай. Ярилцлага өгөхгүй ээ. Өмнө нь олон ч шавь нар нь ярилцлага авна гэж очоод загнуулаад буцаж байсан” хэмээсэн ч 2-3 нийгэм солигдож бараг монголын бүх л сэхээтнүүд ажлаа хаяж, ганзага үүрч асан тэр цагт эзэмшсэн мэргэжлээ орхилгүй эзэн нь болж, монгол хэл, судлалаа оюутнуудад заасаар сургасаар ирсэн уйгагүй занд нь татагдсаар уулзах хүслээ ч орхисонгүй. Утас цохиж учир байдлаа хэлэхэд “Би тэтгэвэртээ суугаад 2 жил болж байна. Тэтгэврийн хүн чамд юугаа ярих юм” гээд халгаахгүй маягтай. Энэ ярианаас хойш хоёр хоногийн дараа дахин залгахад “Хөдөө орон нутгаас багш нар ирээд тэдэнд сургалттай байгаа. Гэхдээ яах вэ, яриа өгөхгүй бол салахгүй шинжтэй нь, хоёулаа МУИС-ийн номын санд уулзъя” гэсээр утас тасрав.    

Товлосон цагаасаа 20 минутын өмнө ирээд намайг хүлээж байсан өвгөн багш маань “Миний хүү сайн хүн болно доо, хүүгээ төрөх үеэр өдөр од гарахыг би харсан” хэмээн байнга магтаж, эрхлүүлж өсгөсөн эмээгийнхээ магтаалын үгэнд тэтгэж тэжээгдэж зөвийн төлөө явсаар нэг мэдэхэд 70 гаруй жил өнгөрчээ гэсээр бидний яриа эхэлсэн юм.

Сурагч байхаасаа л монгол хэлний мэргэжлийн хүн болъё гэж шийджээ. Эмээ нь багад нь үлгэр тууль хайлж, аман зохиол, домог их ярьж өгдөг байсан нь нөлөөлсний дээр дунд ангидаа санаандгүй Б.Ринчен гуайн “Эрдэмтдийн дурдатгал” гээд номд монгол хэлний мэргэжил гэж сайхан мэргэжил байдаг тухай өгүүллийг олж уншжээ.Түүнийг уншиж байтал монгол хэлний “тос” гэдэг үгийн гарлыг орос хэлтэй харьцуулж Б.Ринчен гуай тайлбарласан байсан аж. Тос гэдэг нь толигор, толь гэсэн үг, шингэн, царцуу байсан ч толийж байдаг тухай тайлбарыг уншаад яасан сонин юм ер нь яагаад ширээ, тэнгэр гээд нэрлэсэн юм бол гээд сониучирхаж энэ мэргэжилд шимтсэн гэдэг.

Түүнийг 8 нас хүрэх жил Монгол орон даяар хүүхдүүдээ сургуульд сургахыг уриалж, айл айлаар морьтой хүн явж ухуулга хийдэг байжээ. Базараа багшийн аавынхаар ч ирж ухуулга сурталчилгаа хийхэд аав нь “Дүүтэй нь хамт хоёр жилийн дараа сургуульд явуулна” гэхэд  ээж нь “Тэгж ярихгүй. Насанд нь өгнө” хэмээсээр аймгийн төв рүү мориор хүргэж өгснөөс хойш аав, ээжийнхээ итгэлийг алдалгүй айлын ууган хүүгийнхээ үүргийг ч нэр төртэй биелүүлж ирсэн байх. Сургуульд орсон цагаасаа л тэр номд дурлаж, аймгийн төвийн номын сангийнхаа ихэнх номыг уншиж дуусгажээ. Тэр үед номын сан оройн 23 цаг хүртэл ажилладаг учир шөнө дөл хүртэл суудаг. Хүүгээ оройтоод байхаар аав нь итгэхгүй нэг өдөр дагаж нээрэн л номын сан руу орчихлоо, үнэн байна гэсээр гэртээ ирсэн гэдэг.

Энэ тухай тэрээр “Би Хөвсгөл аймгийн хүн. 1950-иад оны дунд үеэс хүүхдүүд ном шимтэж уншиж эхэлж байсан үе. Хүүхэд байхаасаа гадаад дотоодын уран зохиолын ном их уншина, найм дугаар ангид ороод түүх нэлээд сонирхдог болсон. Дунд сургуулиа төгсөөд эргэлт буцалтгүйгээр Багшийн дээд сургуулийн Монгол хэлний ангид элсэж суралцсан. Сургуулиа төгсөөд аймгийнхаа Их-Уул сумын найман жилийн дунд сургуульд хоёр жил, аймгийн төвд төрөлх сургуульдаа 2 жил багшлаад Улаанбаатар хотод 1 дүгээр сургуульд багшилж байгаад УБДС руу ирсэн. Гэхдээ шалгалт өгч байж орж байлаа. 1972 оноос хойш  Багшийн дээд сургуульд багшилсан. Эхэн үедээ нэлээд хүнд хичээлүүд ордог байсан шүү. Түүхэн хэл зүй гээд амаргүй хичээл орохын тулд шөнө дөл хүртэл сууж лекц бэлдэж байлаа.Тэнд 14 жил багшлаад, дараа нь багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд 4 жил багш нартай ажилласан. Ингээд МУИС-д багшлаач гэсэн санал ирээд энд багшлаад 30 орчим жил боллоо” хэмээсэн.

Б.Ринчен гуайн өгүүллээс улбаалж насан турш амьдралаа холбосон мэргэжлээ өвлөсөн учраас хожим түүнтэй уулзаж байсан талаар нь сонирхоход “Их сүрддэг байсан, энд тэндэхийн хурал хуй дээр олонтоо тааралддаг байсан ч их л эмээдэг байж дээ. Хүүхэд байхдаа Б.Ринчен гуай шууданд 119 гэсэн хайрцагтай, захиа бичиж болдог гэж мэдэж байсан ч зүрхшээгээд чадаагүй. Сүүлд сонсох нь ээ захиа бичсэн хөгшин хөвөө, хүүхэд гэлтгүй бүгдэд нь хариу өгдөг хүн байсан юм билээ. Том хүнээс залуу хүн сүрддэг юм билээ. Дамдинсүрэн, Лувсанвандан гуайтай уулзаж, ном зохиолыг нь уншдаг байсан. Хэл шинжлэлээр Лувсанвандан гуай гайхамшигтай байсан бол Б.Ринчен гуайн хувьд утга соёл талаар олон зүйл хийсэн зохиолч, орчуулагч хүн. Харин Ц.Дамдинсүрэн гуай хуучны уран зохиол судалдаг хүн байсан. Энэ гурван хүн монгол хэл судлалын гурван том оргил. Зохиолуудыг нь их уншиж, өөрийгөө цэнэглэж, монгол хэлэнд улам бүр шимтэн дурлах шалтгаан болж байлаа.

Нэг мэдэхэд 50 жил өнгөрчээ, 70 нас хүртлээ багшилсан. Одоо хөдөө гадаанаас мэргэжил дээшлүүлэхээр ирсэн багш нарт зөвлөгөө өгнө, докторантурт сурч байгаа суралцагчдын дипломын ажлыг удирдана гээд бас зүгээр сууж чадахгүй байна” гээд хэсэг чимээгүй суув.

Үргэлжлүүлэн “Би эмээ дээрээ голдуу байдаг. Манайх Мөрөнгийн төв Бүрэн суманд байв. Сургуульд орно гэдгийг сайн ойлгохгүй, ном уншдаг газар байдаг байх гэсэн бүдэг бадаг төсөөлөлтэй. Би эмээгийн отгон охиных нь том хүү юм. Эмээ, өвөөгийнхөө эрх хүүхэд байлаа. Мориныхоо ард сундлаад их явна аа эмээ маань. Эмээгийнхээ хүчинд хүн болсон, эрдэм номд ч шамдсан даа. Хүүхдийг магтахаар хуулан бичлэгээ мэрийж сайн хийдэг юм билээ. /Инээв/.

Гэхдээ би буруу эрхлээгүй. Ээж маань их чанга. Буруу хэрэг тарьвал шилбүүрдэнэ, бушуухан эмээгийнх рүүгээ гүйдэг байлаа. Багадаа өвчин ороодог хүүхэд байсан юм гэнэ лээ. Ингэж их зовоож байгаа хүнийг том болохоор нь “Сайн зарж, ажил хийлгэж авъя” гэж ээж хэлдэг байсан гэсэн. Айлын ууган хүүхэд учраас аавтайгаа аймгийн төв рүү орж хичээлийнхээ хажуугаар ачигч гээд янз бүрийн хар бор ажил их хийнэ. Аймгийн төвийн хүүхэд учраас дотуур байранд аваагүй. Зун болохоор хонь хурга хариулна. Аав маань ихэвчлэн биеийн хүчний ажил их хийдэг байсан. Аавынхаа хөдөлмөрч занг дуурайсан юм болов уу гэж боддог. 50 жил нэг салбарт ажилласан нэг талаараа тууштай, уйгагүй хүн гэх үү дээ”гэснээр бидний яриа хэсэг завсарлав.

Нам гүм байдлыг эвдмээр аядаж би Монгол хэлний дархлааны талаар асуухад нүд нь илт сэргэж “Монгол хэл дархлаа сайтай. Хүний тоо цөөхөн ч гадаад дотоод гарсан хүмүүсийг нийлүүлээд 10-аад сая гэж ярьдаг. Гэхдээ ярьж байгаа нь 3 сая гаруй. Том хэлүүдтэй харьцуулахад хэлэлцэгч нь цөөхөн ч хэлний дотоод дархлаа бат нот. Үүнийг гарал зүйн талаас нь ярьвал, нарийн бүтэцтэй, бүтэц нь хатуу тогтвортой байдаг учраас дархлаа сайтай гэж байгаа юм. Хэлц үгүүд манайд асар их. Тийм учраас манай хэл дархлаа сайтай. Зах зээлд шилжээд гадны янз бүрийн үг орж ирж байна. Тэр нь өнгөц харахад монгол хэлэнд нөлөөтэй юм шиг санагддаг. Гэхдээ хэлнийхээ дотоод бүтцэд генийн, гарал зүйн үүднээс тархинд хадгалагдсан нь их бат бэх. Сүүлийн 40-50-иад жилд манай монголчууд европ маягийн соёл руу шилжиж байгаа. Гэхдээ хадгалж үлдээсэн ахуй, зан заншил үлдсэн байна. Ахуйгаас холдож байгаа учраас тэр дархлаа өнгөц талдаа суларч байж магадгүй. Хүн бүр эх хэлээ эрхэмлээд ирвэл хуучин хадгалагдаж үлдсэн дархлаа сэргэж эхэлнэ. Сэргээж үлдээх нь бидний хамгийн чухал үүрэг. Цаана генд нь хадгалагдаж байгаа хэлийг байнга сэргээж байхгүй бол гадны нөлөөнд амархан автах аюултай шүү.

-Энэ ярианаас улбаалсан уу монгол хэл мөхөл рүүгээ явж байна гэж их ярих болжээ. Түрүүнд та харь үг гэж ярилаа. Орчин үеийн залуус 10 үгний тавд нь харь үг хэрэглэж чамирхах гэж оролдох болжээ. Бид хэлээ яаж хамгаалах вэ?

-Энэ маш ноцтой асуудал. Монгол хэлний сургалт сайн явуулах хэрэгтэй. Цэцэрлэгийн наснаас эхлээд ЕБС-ийг төгстөл сургалтыг маш сайн болгох хэрэгцээ шаардлага байна. Ялангуяа бага ангид нь хэлний сайн дархлаатай болгох ёстой. Нэгэнт бид нүүдлийн бус суурин ахуй руу орчихлоо. Одоо “бууцны хөл” гээд хэлэхэд хотын бүү хэл сумын төвийн хүүхэд мэдэхээ больсон. Үүнийг бага ангид нь зааж өгч, ахуйг аль болох дадлага хийлгэж, үзүүлэх, хичээл заагаад өнгөрөх бус амьдралд нь оруулж үзүүлдэг болмоор байна. Сур элдэх гэдгийг хотын хүүхэд мэдэхгүй. Тэгэхээр яаж элддэг вэ гэдгийг хичээлийн хөтөлбөрт дадлага хэлбэрээр оруулах шаардлага үүслээ. Айраг исгэх, бүлэх гэдгийг харуулахгүйгээр айраг ислээ, сайхан айраг байна гэдэг өгүүлбэр бичүүлээд нэмэргүй. Хуучин зааж байсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Монгол хэлний шинжлэлийг заахаас өмнө гадна оршиж байгаа соёл, ахуй, зан заншилтай хамтад нь заах ёстой. Үүний хажуугаар ном унших маш чухал. Залуус цахим орчинд дарагдаад ном уншихаа больсон байна. Сонгодог болон ардын уран зохиолыг уншиж байж тухайн үндэстэн өнө удаан оршин тогтноно. Дэлхийн болоод ардын сонгодог зохиол, аман зохиолоо уншиж байж хүн боловсролтой болно. Боловсролтой болох нэг хэрэг үүний дараагийн шат гэгээрэл гэж нэг зүйл байна. Гэгээрэхийн тулд харьцуулж унших хэрэгтэй.

-Хэлний мэргэжилтнүүд монгол хэлэнд нэвтэрч байгаа харь үгийг журамлах үүрэгтэй. Энэ үүргээ хэр гүйцэтгэдэг юм бэ?

-Энэ талаар тааруухан байгаа. Гаднаас орж ирж байгаа үгийг тэр даруйд нь журамлаад явах ёстой. Манайд хуучин нэр томьёоны комисс гэж байсан. Тэр комисс харь үгнүүдийг журамлаж гаргаж байв. Уг нь гаднаас орж ирсэн үгийг хэлний мэргэжилтнүүдтэй тодорхой мэргэжлийн хүн хавсарч байж хийхгүй бол бас болохгүй. Жишээ нь, бид химийн нэр томьёог төдийлэн мэдэхгүй. Тэгэхээр хамтарч байж журамлаж хийх ёстой юм. Хүн гаднын үгийг авч хэрэглэх дуртай. Нэг талдаа хэл сурах авьяас сайтай байдаг. Нөгөөтэйгүүр шинэ зүйлийг соргогоор авч байна. Төр засгийн түвшинд монгол хэл судлал, шинжлэлд 1990-ээд оноос хойш нэг хэсэг анхаарахгүй задгайрсан. Одоо эргээд анхаарч эхэлж байна. Төрийн хэлний үндэсний зөвлөлөөр зөв бичгийн дүрмийг журамлаж, зохион байгуулж нэлээд сайхан анхаарч байгаа. Саяхан зөв бичгийн журамласан толийг гаргалаа. Тэгэхгүй бол хүн бүр дур дураараа бичиж “дүрэм” зохиож байна. Монгол судлалыг нэлээд анхаарч эхэлсэн. Энэ чиглэлээр судалж байсан хүмүүс цагийн эрхээр больж байгаа. Тиймээс монгол судлаач залуусыг гаргаж ирэхэд Монгол төр илүү анхаарч эхэлсэн нь сайшаалтай.

-Монгол хэл хэчнээн үгтэй юм бэ?

-Нарийн гаргасан тоо байхгүй. Үүнийг хүмүүс их сонирхдог. Үгийн тоо олон байх тусам тухайн хэл дотоод хүчин чадал сайтай байна гэсэн үг. Гэхдээ монгол хэлний үгийн тоог сүүлийн 5 ботид эмхэтгэснээс харахад 50-иад мянган үг байна. Зарим эрдэмтдийн хийсэн тооцоогоор сая орчим үгтэй ч гэдэг. Үгээ яаж тоолсноос тоо шалтгаална. Жишээ нь: ав гэдэг үг 60 гаруй утгатай. 60 гаруй утгыг авбал их том тоо гарна. Үгийн салаа утгыг тоолбол олон, энэ нь чадалтайг харуулж байна. Хэлц, нэр томьёо гээд тусгайлж авч үзвэл нэлээд том тоо гарна. Гэхдээ нарийн тоолоогүй, толь бичгийн толгой үгээр 50 гаруй мянган үг гээд байгаа юм.

-Үгийнхээ тоог гаргаж чадаагүй байж энэ салбарыг судлаад байх юм гэх шүүмжлэл нийгэмд гардаг шүү дээ..?

-Энгийн хүний ойлголт. Шинжлэх ухааны ойлголтыг түвшиндээ л ойлгож байгаа нь тэр. Монгол хэл судлаад барагдахгүй. Ер нь бүх хэл тийм. Хэл гэдэг бидний оршиж буй ертөнц. Гэтэл оюуны ертөнц түүнээс агуу. Судлаад үзвэл асар их баялаг. Судлаад байхад л барагддаггүй. Барагддаг байсан бол 2-3 хэл зүй гаргаад болчихно. Үгийн гарал судлал гээд авч үзэхэд ч барагдахгүй шүү дээ. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс сайн мэдэхгүй. Манайхан зөв бичгийн дүрэм дээр маргадаг. Маргаангүйгээр шинжлэх ухаан явахгүй. Хэл гэдэг хүнд хүртээмжтэй. Тэр утгаараа маргааны бай болдог.

-Зөв бичих дүрмийг байсхийгээд өөрчлөх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Зөв бичгийн дүрмийг эсэргүүцсэн хэсэг бүлэг хүмүүс байдаг. Үүнийг буруутгах аргагүй. Манайх 1000 гаруй жил хэрэглэсэн өөрийн бичиг соёлтой. Өөрөө бичигтэй мөртлөө гадны бичгийг авсанд дургүйцэж байгаа хэрэг. Энэ бол зүй ёсны хэрэг. Европын соёлтой танилцахад монгол бичгээр бичихэд төвөгтэй байсан. Гадны үгийг бичихэд шатахуун, Швейцар гэж монгол бичгээр яаж бичих вэ гэхэд асуудал үүссэн юм билээ. Нэг ёсондоо европ соёлд ойртохын тулд латин дараа нь орос үсэг авсан. Орос үсгээр дамжаад манайх европын соёлыг хүртэж олж авчээ. Үүнд улс төрийн нөхцөл байдал бол тусдаа асуудал. Зөв бичгийн дүрмийг зохиоход гурван том зарчим баримталдаг. Журамласан толийг энэ маргааныг цэгцлэхийг тулд гаргасан.

-Монгол хэлний хамгийн сайхан үг юу юм бол, таны тодорхойлолтоор?

-Монгол хэлний хамгийн сайхан үг зүйр цэцэг үг, хэлц үгнүүд. Хөхөхөөсөө нудрах нь, олохоосоо туулах нь гэх мэтчилэн сайхан үгнүүд бий. Энэ бол хэлний тогтвортой дархлаа. Ийм үгнүүдээ мэдэхгүй болчихвол задгайрна. Хэл бол нийгмийн гэдэг ч байгалийн үзэгдэлтэй салшгүй холбоотой. Хэлний дархлаа бол зүйр цэцэн болон хэлц үг, аман зохиол юм. Бууцны хөл гэхэд л өвөлжөө гэдгийг санадаг байх ёстой. Би бага ангийн сурах бичигт 1999 онд бууцны хөл гэдэг хэлцийг оруулж байсан. Эргээд шүүмжлэл ч ирж байлаа. Улирсан, баларсан хүүхэд мэдэхгүй үг орууллаа гэж ч ярьж байсан. Энэ бол мэргэжлийн бус хүмүүсийн гаргадаг яриа. Хэлц үгүүдээ мэдэхгүй бол монгол ахуй, сэтгэхүйгээс холдоно.

Бидний яриа ийн өрнөсөөр хэдийнээ 2 цаг өнгөрчээ. Дуу хураагуураа унтраагаад энэ тэрүүхний тухай, нийгмийн аж байдлын талаар нэлээдгүй хөөрөлдсөн. Заримаас нь сийрүүлбэл “Ардчилсан нийгэмд талархаж явдаг. Өмнө нь хуучин хэт нэг загварт баригдсан, бусдын хараанд байдалтай байлаа. Гэхдээ би социализмыг муулахгүй. Энэ үед л ШУА-тай, ДБЭТ-тай, маш олон ном орчуулсан, монголчуудын хөгжлийн үсрэлтийн үе байсан. Энэ бүхэн ард түмний оюуны боловсролд асар их нөлөөтэй байв. Нөгөө талаар тэр үед ном зохиол хэвлүүлэхэд хэцүү байсан. Хэн нэг нь матчих вий гэсэн айдастай. Ардчилал хүнийг эрх чөлөөтэй болгосон. Хүний сэтгэн бодох чадварт оюуны тэсрэлт бий болсон ч нэг нийгмээс нөгөө рүү шилжихэд янз бүрийн эрсдэл үүсдэг юм байна. Гэхдээ ардчилал цаашдаа төлөвшөөд явах байх” хэмээн бодлоо хуваалцсан.

Харин найз нөхөрлөлийн тухайд “Хүн хүнээ түшиж амьдардаг учраас нөхөрлөл гэдэг сайхан. Гэхдээ жинхэнэ нөхөр тун ховор. Дунд сургуульдаа ангийнхаа гурван хүүтэй их сайхан үерхдэг байсан. Цагаан-Уул сумын найз Д.Бумцэнд маань их сайхан хүн байжээ, найз маань одоо алга, би ганцаар үлдлээ. Түүнээс өөр сайн нөхөр миний амьдралд таарсангүй. Номын нөхөр найзууд зөндөө бий. Гэхдээ хар багаас үерхэж нөхөрлөсөн найзуудыг гүйцдэггүй юм байна” хэмээн хөнгөхөн санаа алдсанаа 14 цагаас сургууль дээр багш нарын сургалттай юм байна шүү дээ гэсээр гарч одлоо. Багш маань ануухнаараа байна.

 

 

Top