Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ӨВИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийн батламж гардуулах ёслолын арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 21 буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулав. 

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад (2023), “Монгол нүүдлийн зан үйл” болон “Наурызын баяр”-ыг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад (2024), мөн “Хүйс толгойн хөшөөний бичээс” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг”-ийг Дэлхийн дурсамжийн олон улсын жагсаалтад (2025) тус тус бүртгүүлсэн батламжуудыг эдгээр өвийн номинацын материалыг бэлтгэж, бүртгүүлэх үйл ажиллагаанд хүчин чармайлт гарган ажилласан холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөлд албан ёсоор гардууллаа.

Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, музей, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Конвенцуудын хүрээнд соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах, ирээдүй хойчдоо бүрэн бүтнээр нь өвлүүлэх үйл хэргийг идэвхтэй хэрэгжүүлсээр байна.

Манай улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 6 өв, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 17 өв, Дэлхийн дурсамжийн хөтөлбөрт 10 баримтат өвийг тус тус бүртгүүлээд байна.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/Unesco.Natcom.Mongolia/posts

Top