Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ХИЧЭЭЛИЙГ МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын үндэсний музей хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын Түүх, нийгмийн ухааны багш нарыг чадавхжуулах сургалтыг 3 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн 40 гаруй сургуулийн 45 багш хамрагдав. ЕБС-ийн I-V ангид “Монгол ёс, хүмүүжил” хичээл, VI-XI ангид “Монголын Түүх”-ийн хичээлийн хөтөлбөрийн дагуу музейн эх хэрэглэгдэхүүн, үзмэр цуглуулга, үзүүллэгт түшиглэсэн танхимын бус сургалтыг зохион байгуулж буй арга туршлага, ирээдүйн чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлж, багш нар болон музейн боловсролын ажилтнууд тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцлаа.

Сургалтын үйл ажиллагааг Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал нээж, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг сургалтыг удирдан, Музей судлал, мэргэжил арга зүйн төвийн арга зүйч Г.Уугантуяа "ЕБС-ийн түүхийн хичээлийн хөтөлбөрийн дагуу музейд сургалт явуулах туршлага –“Монголын амьд түүх”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША Энхбаатар "Монголчуудын мал маллагааны тоног хэрэгсэл, уламжлалт аж ахуйн эх хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглах нь”, Боловсролын ажилтан С.Баттүмэн "Монголын үндэсний музейгээс зохион явуулдаг ЕБС-ийн сурагчдад зориулсан боловсролын ажлын танилцуулга" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Хэлний бодлогын зөвлөлөөс Бага, дунд ангийнханд зориулан гаргасан “Мал аж ахуй соёл" цуврал-1: “Хонины зүс”, “Мал аж ахуй соёл" цуврал-2: “Нүүдэллэх соёл” хэмээх танин мэдэхүйн зурагт хуудсыг сургалтад хамрагдсан ЕБС-ийн Түүх, нийгмийн ухааны багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн болгон бэлэглэв.

ХБҮЗАА

 

 

Top