Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

1966 оны “Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурал”-ын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн 09 дүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёл- боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг сурталчлах, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхаарах болсон юм.

Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал нь бичиг үсэг тайлагдах явцыг удаашруулж, улмаар тэгш бус байдлыг улс орон, бүс нутаг, хүн амын дунд улам нэмэгдүүлэх болсон билээ . Бага болон дундаж орлоготой улс орнуудад энгийн бичвэрийг уншиж, бүрэн ойлгох чадваргүй  10 настай хүүхдийн эзлэх хувь 2019 онд 57 хувь байсан бол 2022 онд 70 хувь болж өсөөд байна. Тиймээс энэ жилийн “Бичиг үсгийн олон улсын өдрийг “ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД БИЧИГ ҮСГИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ: ТОГТВОРТОЙ, ЭНХ ТАЙВАН НИЙГМИЙН СУУРЬ ҮНДСИЙГ ТАВИХ НЬ” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл ЮНЕСКО-гоос жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү “Бичиг үсгийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Осака Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн 1 дүгээр салбарын профессор ШИОТАНИ Шигэки, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор ТОКУСУ Күрэбито багш нарыг урьж, “Монгол хэл бичгийн судлалын тулгамдсан асуудал”, “Монголчуудын бичиг үсгийн түүхэн хөгжил” сэдвийн хүрээнд лекц ярилцлага зохион байгууллаа. 

Арга хэмжээнд ХБҮЗ-ийн дарга, Монгол улсын Ардын багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Л.Дашням,  Монгол улсын Ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, Шинжлэх ухааны Гавьяат Зүтгэлтэн,  доктор, дэд профессор О.Самбуудорж,  МУБИС-ийн багш Хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Ганболд, Хэл бичгийн ухааны доктор Г.Цэцэгдарь, ХБҮЗ-ийн ЭШАА Д.Цэвээндорж нар оролцлоо.

Лекц ярилцлагыг Зөвлөлийн дарга Л.Дашням нээж үг хэлэхийн зэрэгцээ япон оюутнуудад монгол хэл зааж, тэдэнд зориулсан монгол хэлний сурах бичгүүдийг хэвлүүлэн, боловсролын салбарт 25 жил тасралтгүй ажиллаж буй доктор профессор Т.Күрэбитог Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж шагналыг нь гардуулж өглөө. Эрдэмтэн багш  Т.Күрэбито нь хэл шинжлэлийн судалгааны бүтээлээ англи, япон хэлээр хэвлүүлж, японы шинэ залуу монгол судлаачдыг бэлтгэхэд хүчин зүтгэж буй нэртэй судлаач юм. 

Мөн ШИОТАНИ Шигэки нь монгол хэлний үг зүй, үгийн сан, монгол ардын аман зохиол, нутгийн аялгуу, монгол-япон хэлний харьцуулсан судалгаа хийж монгол хэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй японы монголч эрдэмтэн билээ.

Ийнхүү 57 дахь удаагийн “Бичиг үсгийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл монгол судлаач эрдэмтдийн лекцийг амжилттай зохион байгууллаа.

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top